нийгмийн ухаан

Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал

13:11 , 2014-11-08 .. Бичигдсэн: философи .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Волюнтарист ёс зүй:  Энэ ёс зүйн анхны төлөөлөгчдийн нэг нь Артур Шопенгауэр мөн. Түүний үндэслэлээр хүн жаргаж чаддаггүй, нэгэнт амьдралын хүсэл эрмэлзэл нь хангагдахгүй, аз нь гийхгүй байдгаасаа болоод хүн хүсэл эрмэлзлэлээсээ татгалзахгүй байгаа нөхцөлдөө зан суртахуунлаг байж чаддаггүй.                                    Хүсэл эрмэлзэл хангагдлаа ч тэр нь түр зуур байж, түүнд эцэс төгсгөл байдаггүй. Ийм нөхцөлд хүн эрх чөлөө эдэлнэ гэж үгүй. Хүн эрх чөлөө эдэлье гэвэл хүсэл, дураа тас цохих хэрэгтэй. Эрх чөлөө эдлэх эрмэлзэл бүхий авир үйлдлийн үлгэр жишээ бол христос шашны гэгээнтнүүд, энэтхэгийн нирваан болсон даяанч нар мөн.

Германы философич Ф.Ницше бол иррационалист, волюнтарист байрнаас хандсанаараа О.Шопенгауэртэй адил, гэхдээ агуулга ба зориулалтын хувьд түүнээс өөр ёс суртахууны сургаал боловсруулсан. Зарим  судлаач Ф.Ницшег ёс зүйн салбар дахь ёс зүйн нигилизм буюу аморализмын төлөөлөгч хэмээн тайлбарладаг. Тэрээр аморалист ёс суртахууныг үгүйсгэгч биш, харин үлэмж хүний ёс суртахууны тухай, түүний шинэ ёс суртахууны тухай сургаал боловсруулагч мөн. Үүнд, тэрээр Европын ёс зүй дэх христос шашны болон либераль, социалист чиглэлүүдийг шийдвэртэй шүүмжлэн үгүйсгэдэг. Учир нь, эдгээр чиглэл түүний үнэлгээгээр “сүргийн ёс суртахуунуудыг” зөвтгөдөг. Тодруулбал эдгээр ёс зүй нь хөгжих, бүтээх, төгөлдөржих хүсэл эрмэлзлийг мохоож, сүргийн инстинктийн идэвхгүй, сул доройг халхавчлан зөвтгөдөг. Жишээ нь: сайн муугийн тухай онолын ойлголтууд бол боол сэтгэлтний атаа хорслын бүтээгдэхүүн юм.

Ф.Ницше ёс суртахуун moral-мораль, зан суртахуун morality–нравственность гэдэг хоёр ойлголтыг зааглан авч үзсэн юм. Түүний хувьд ёс суртахуун бол боолын сэтгэлтнүүдийн буюу сүргийнхний үйлдлийг тэгшитгэх зарчимд нийцүүлэн зохицуулдаг. Харин зан суртахуун нь үлэмж хүний буюу хүчтэй хүний үйлдлийг ганцаараагийн үйлдэл мөний нь хувьд зохицуулдаг. Зан суртахуун бол үлэмж хүн бусдад саад учруулахгүйгээр эзэрхэх хүсэл эрмэлзлээ хангах сэтгэл зүйн гүн үндэс бүхий хэрэгсэл мөн. Тийнхүү Ф.Ницше бол аморализмыг сурталчилсан биш, харин шинэ ёс суртахууныг, өөрийнх нь нэр томьёогоор хэлбэл зан суртахууныг номлогч мөн.

Хувьслын үзэлт эволюционист ёс зүй: Энэ ёс зүйг үндэслэгч Герберт Спенсер амьдралын алтан дүрэм бол: “нийгмийн нөхцлөөр тодорхойлогдож буй хүрээнд хувийн жаргалаа мөрдөх” гэдэг зарчим мөн гэдэг томьёоллыг бий болгожээ. Түүнийхээр шударга ёс бол тухайн хүн бусад хүний эрх чөлөөтэй зохицсон тийм туйлын эрх чөлөө эдлэх эрх, харин буян үйлдэх бол хариу горьдохгүйгээр бусдад сэтгэлийн жаргал өгөхүй мөн. Харин төр бол бодгаль хүний эрх чөлөөг хясдаг муу үйлтэн мөн. Г.Спенсер зан суртахуун бол нийгмийн үзэгдэл мөнийг орхигдуулж, түүнийг зөвхөн биологи үзэгдэл болгон тайлбарласан гэдэг шүүмжлэлийг зарим философи чиглэлийн төлөөлөгчид өрнүүлдэг.

            Эволюционист ёс зүйг сонгодог философийн үүднээс, бүр тодорхой хэлбэл христос шашны философийн үүднээс боловсруулснаараа алдаршсан онолч бол францын философич, палеонтологич Тейяр де Шарден мөн. Түүний тайлбараар христос шашин дэвшлийн шашин байхын тулд түүний эрхэм дээд эрмэлзэл нь хүлцэнгүй байх ёс биш, харин ертөнцөд идэвхтэй хандах бүтээгч хөдөлмөр, гай хүн төрөлхтөн төгөлдөржихөд зайлшгүй чухал түлхээс болдог зовлон -тай тэмцэх зэрэг байх ёстой.

            Мөн түүний тайлбараар хоёр янзын хамт олон байдаг. Үүнд: Материаллаг сонирхлынхоо нийтлэгээр нэгдсэн бүлгүүд хамт олон хайрыг хөнөөдөг. Харин бурхан тэнгэрлэг хайрд үндэслэдэг хамт олонч ухамсар бол хүн төрөлхтний нэгдэлийг бий болгоно. Хүмүүст, хүн төрөлхтөнд ханддаг дээд хайр бол Есүс Христийн хайр мөн гэж тэр үзжээ.

Аналитик ёс зүй: Энэ ёс зүй бол логикийн юм уу хэл шинжлэлийн янз бүрийн ойлголт, хэрэгсэлд болон философи үндэслэгээний аргументицийн төрлүүдэд анализ судалгаа хийдэг философи, арга зүйн чиглэлүүдийн хүрээнд үүссэн ёс зүйн сургаалууд мөн. Тиймээс тэдгээрийн үндсэн агуулга нь ёс суртахууны хэллэгүүдийн хэлний янз бүрийн хэлбэрт шүүмжлэлт анализ хийсэн үр дүн байдаг.Тэгээд : ёс суртахууны янз бүрийн ойлголт, зарчим аваас объектив агуулгын талтай байдгийн зэрэгцээ хүний интуици, хэл яриа зэрэг үйлдэлээс хамаармал байдаг хэмээн энэ ёс зүйд үздэг. Жишээ нь, английн философич Дж.Мур (1873–1958) “сайн“ гэдэг ёс зүйн ойлголтыг онцлон шинжлээд өмнөх үеийнхэн уг ойлголтыг натуралистаар, өөрөөр хэлбэл ямар нэг буян, жаргал, баясал гэх мэт юмтай адилтган тодорхойлдог нь буруу хэмээн үнэлсэн юм. Учир нь эдгээр дурдсан зүйлс сайны үндэс дандаа байж чаддаггүй. Тийм учраас “сайн бол сайн“ гэдэг томъёолол хэдийгээр давталт мөн боловч сайны тухай бусад тодорхойлолтоос эрсдэл багатай хэмээн Дж. Мур бичжээ. Тэгээд сайныг оюун ухаанаар биш, харин интуитив мэдрэмжээр ойлгох бололцоотой гэсэн дүгнэлтэнд тэрээр хүрсэн байна. Ёс суртахууны категориуд бол оюун ухааны бүтээл биш харин тодорхой утгын оноолт бүхий жич хэллэг мөн.

Прагматизмын ёс зүй: Прагматизмын төлөөлөгчид ёс зүйн салбарт хоёр үндсэн зарчим боловсруулсан. Үүнд:

1.    Сайн бол ямар нэг хэрэгцээг хангадаг зүйл мөн.

2.    Ёс суртахууны аливаа нөхцөл үл давтагддаг тул тухайн нөхцөл бүхэн огт өөр өөр шийдвэр шаарддаг. Тэд ёс зүй дэх хоёр туйлшралыг даван туулах тухай ярьдаг. Нэг нь ёс суртахууны үнэлэмжүүдийг түгээмэл универсаль шинжтэй бөгөөд цаг хугацаатай хамаагүй, амьдралын байнга өөрчлөгдөгч нөхцлөөс салангид байдаг хэмээгч рационалист үзэл аж. Нөгөө туйлшрал нь ёс суртахууны ойлголтууд мэдлэгт үндэслэдгийг, ёс зүйд шинжлэх ухаан чухал ач холбогдолтой байдгийг үгүйсгэдэг иррационалист үзэл ажээ.

Экзистенциалист ёс зүй: Христос шашны бишрэл бол хүний дотоод ертөнц, гадаад ер бусын хүч хоёрын зааг дээр үүсдэг. Иймд энэ бишрэл бол парадокс гаж зүйл мөн. Үүнд, энэ нөхцөлд бодьгал нь түгээмлээс дээгүүр гарч ирж, ингэснээр тэрээр эвдрэлд ордог. Ийнхүү хүн хэзээ ямагт цөхрөлд заавал автаж, нүгэлд ордог. Цөхрөл бол нүгэл юм. Нүгэл бол эсвэл сул дорой байдал, эсвэл дээд хүч болж хувирдаг дуудлага, цөхрөлийн даамжрал мөн.

Атеист экзистенциализмын ёс зүйн үзлийг францын философич Ж.П.Сартр хүн бол юм адилаар бүтчихсэн байдаг биш, харин ямар байх вэ, шударга уу, хуудуутай юу, бас баатар уу, хулчгар уу гэдгээ өөрөөсөө өөрөө бүтээдэг. Би-гийн ахуй экзистенци бол нийгэм ба бусад хүн, ёс суртахууны ба шашны тогтоц, хувийн амьдралын түүх зэрэг аливаа бүхнээс үл хамаарч байдаг. Тийнхүү хүн эрх чөлөөтэй байх хувь заяатай. Эрх чөлөөтэй сонголт хийе гэж бодоогүй байхдаа хүртэл сонголт хийчихсэн байдаг.

Фрейдист ба неофрейдист ёс зүй: Фрейдизмийн үүднээс Би (Ego) болбоос өөрийгөө хамгаалах инстинктээр удирдуулж бэлгийн үйлдлийн хортой, аюултай хүслээ, ялангуяа Эдипийн цогцолбороо дарж байдгийн үр дүнд ёс суртахуун үүсдэг “Эдипийн цогцолбор “ гэдэг фрейдист ойлголт нь хувь заяаны эрхээр эх, эцгээсээ хөндий, тэднээ танихгүй өссөн Эдип эцгээ хөнөөгөөд эхтэйгээ суусан тухай эртний грекчүүдийн шидэт домгийн агуулгыг үндэс болгоод: хүн бол ижил хүйст өрсөлдөгчөө хөнөөх, эсрэг хүйснийхдээ татагдагч инстинкттэй байдаг гэсэн санааг илэрхийлдэг ”Эдипийн цогцолбор“ гэдэг фрейдист ойлголтын үүднээс либидогоос өөрөөр хэлбэл бэлгийн үйлдлийн энергиэс  үүдэлтэй Эдипийн үйлдэл шиг буруу үйлдлүүдээс ичих сэтгэл төрдөг. Ёс суртахууны тийм ичих сэтгэл бол нийгмийн зохион байгуулалтын аливаа хэлбэрийн, зан суртахууны болон шашны аливаа хязгаарлалтын, бүхэлд нь хэлбэл хүн төрөлхтний иргэншлийн үндэс нь болдог гэж З.Фрейд үзсэн байна. Тиймээс соёлын дэвшил бол буруу үйлдэл өсөхлөөр ичих сэтгэл гүнзгийрэх явцад хангагддаг ажээ.

Хүн төрөлхтөн Эдипийн цогцолбороо дарж байдгийн үр дүнд ичих сэтгэлээс гадна гэмшил, хэрсүү зан, үүрэг, чин эрмэлзэл бүхий болсон гэдэг дүгнэлтэнд фрейдизм хүрчээ. Тийнхүү З.Фрейд бие хүний үйлдлийг ухамсаргүй сэтгэл нь тодорхойлдог гэж үзсэн бол харин ёс суртахууны үндэс нь ухамсар мөн гэж тайлбарлажээ. Неофрейдист ёс зүй бол фрейдист ёс зүйн нэг дутагдлыг засах зорилго тавьдаг. Үүнд: З.Фрейд ёс суртахууны үүсэл, төлөвшилд биологи, психологи хүчин зүйлсийн ач холбогдлыг туйлчлаад нийгмийн хүчин зүйлийг орхигдуулж байсныг неофрейдистууд засах зорилт тавьжээ. Энэ зорилт ялангуяа герман-америкийн философич Эрик Фромм (1900-1980)-д хүчтэй байжээ. Түүний үзлээр: сайн бол хүн мөн чанарлаг хүчнүүдийг илрүүлэхүй:  муу бол хүний авъяас чадварын хөгжилд учирч буй аливаа саад: дутагдал бол өөртөө хариуцлагагүй хандалт мөн гэж үзсэн юм. Улмаар ийм үзлийнхээ үүднээс ноёрхогч ёс зүй хүмүүсийн авир үйлдлийн хэм хэмжээг тэдний өөрсдийнх нь бүтээл байхыг үл зөвшөөрч, захиргаадалтаар тогтоодог. Улмаар Э.Фромм ийм үнэлгээнийхээ үүднээс шашныг ноёрхогч ёс зүйн тогтолцоо мөний нь хувьд шүүмжилжээ.

Постструктуралист-постмодернист ёс зүй ёс зүйн үзэл: Постструктуралист-постмодернист философидолтын үүднээс онолын ерөнхий зарчмууд, түгээмэл янз бүрийн тодорхойлолт боловсруулдаг ёс зүй болбоос сэнхрүүлэн залхаах шинж бүхий байдаг. Угтаа ёс зүй бол ёс суртахууны бодгаль туршлагатай нийлж өөр өөр дуу хоолой гаргаж, үнэлэмжийн агуулга нь нээлттэй байдаг.

Постмодернизмын үүднээс бол ёс суртахууны бүтээгч, хэрэглэгч хоёрын заагийн тухай яриа эдүгээ ач холбогдлоо алдаж, үүнд ёс суртахууныг хэрэглэгч аваас заримдаа түүнийг бүтээж байдаг болсон. Тийм учраас ёс суртахуун тогтвортой хэм хэмжээлэг байдгийг постмодернистууд үгүйсгэх замыг сонгосон байна. Бодгаль хүнээс ангид, түүнийг зандчиж байдаг ёс суртахуун үеэ өнгөрөөж, харин бодгаль хүн бусдад саад болж, гай тарьдаг биш бол өөрийн гэсэн ёс суртахуунтай байхыг зөвшөөрдөг үе ирсэн тухай постмодернизм ярих болсон юм.

Хавсарга ёс зүй

            Ёс зүй бол хүмүүнлэгийн ухааны аль ч салбараас илүүтэйгээр нийгмийн амьдрал, хүний үйлдэлтэй холбогддог. Тиймээс зарим онолч ёс зүйг “практикийн философи” гэж нэрлэдэг.

             “Хавсарга ёс зүй “ гэдэг ойлголт нь “ практик философи “ гэдэг ойлголтоос багтаамжаараа бага, харин агуулгаараа нэлээд жич, тодорхой, нарийвчлалтай, болзмол утгатай байдаг. Хүмүүсийн тодорхой нийтлэг бүхэнд бусад нийтлэгт ч байдаг ёс суртахууны ерөнхий хэм хэмжээнүүдээс гадна зөвхөн тухайн нийтлэгт холбогддог өвөрмөц хэм хэмжээнүүд байдаг. Тийм өвөрмөц хэм хэмжээнүүд нь тухайн холбогдох нийтлэгтээ зүй ёсны байдаг боловч ёс суртахууны ерөнхий хэм хэмжээнүүдээс заримдаа гажиж байдаг. Жишээ нь: Хүний амийг хороох нь ёс суртахууны ерөнхий хэм хэмжээнд эрс хориотой байдаг боловч хүчний холбогдох байгууллага онцгой тохиолдолд онц хүнд гэмт хэрэгтэнд тийм арга хэмжээг хууль ёсоор хэрэгжүүлдэг. Тийнхүү өвөрмөц үйл хэрэг, мэргэжлийн зөвхөн тухайн тэр төрлийн эрхэлдэг нийтлэгт хүчин төгөлдөр байдаг өвөрмөц ёс суртахуун бол нийгэм, хүн амд бүхэлд нь илэрдэггүй ч тэр нийтлэгийнхээ оршин тогтнол, хэвийн амьдрал, үйл ажиллагаа, цаашдын хувь заяандаа зориулж буй шийдвэрт нь чухал холбогдолтой байдаг. Гэхдээ уг утга холбогдлыг хүн амын нэг хэсэг нь эерэгээр, өөр нэг хэсэг нь сөргөөр хүлээн авч байдаг. Тийм өөр байр суурь ялангуяа XX зуунаас хойш ёс суртахууны туршлага, ёс суртахууны философид илрэх болжээ. Энэ нь нийгэм, төрөөс нийт хүн ам, аль нэг бүлэг давхраа, гэр бүл, хамт олон зэрэг тодорхой нийтлэгүүдийн төдийгүй бодгаль хүний эрх, эрх чөлөөг хангахад хууль эрх зүйн үндэстэйгээр улам бүр анхаарал тавьдаг болж буй, орчин үеийн хүмүүсийн амьдрал нь биологи, сэтгэл зүй, нийгмийн зэрэг янз бүрийн эерэг, сөрөг хүчин зүйлийн улмаас нэн олон талтай болсон зэргийн үр дагавар юм.

Хүн төрөлхтний амьдрал дахь эерэг, сөрөг эдгээр өөрчлөлт нь орчин үед “хавсарга ёс зүй” гэдэг нэр бүхий ёс зүйн шинэ салбар бий болоход хүргэсэн байна. Хавсарга ёс зүй бол бодгаль хүн, бичил бүлэг зэрэг хүн амын аж төрөх ёс, үйл ажиллагаа, эрүүл мэнд, зарим нөхцөлд амь нас гэх мэттэй холбогдсон өвөрмөц эрх ашгийг шууд авч үздэг бөгөөд харин түүнийг яаж шийдвэрлэх нь хүн ам, улс орон, хүн төрөлхтөн зэрэг холбогдох өргөн нийтлэгийн ёс суртахууны үнэлэмж, ёс суртахууны хэм хэмжээнүүдийг гарцаагүй хөнддөг тийм асуудлуудыг судалдаг салбар ёс зүй мөн.

Хавсарга ёс зүйд онцлон авч үздэг янз бүрийн асуудалд үнэлгээ өгөх байдал болхүн амын өөр өөр бүлэг, давхрааныхан дотор төдийгүй мэргэжлийн хүмүүс дотор ялгаатай байж, ямагт маргаантай байдаг. Иймд тэдгээр асуудлыг ”нээлттэй асуудлууд” гэж тодотгон нэрлэдэг. Ёс зүйн нээлттэй асуудал бол ёс суртахууны зөрчигддөг янз бүрийн дүрэм биш юм. Жишээ нь: Хулгай хийж болохгүй гэдэг ёс суртахууны хэм хэмжээ дандаа зөрчигддөг боловч тэр нь нээлттэй асуудал биш, өөрөөр хэлбэл хулгай бол муу үйл гэдэгтэй маргах хүн гарахгүй. Гэтэл цаазаар авах ял байх ёстой юу гэдэг асуулт бол орчин үеийн янз бүрийн улсын хүн амын дунд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэдэг. Ёс суртахууны нээлттэй асуудал бол маргаан төрүүлж, уг маргаан нь тодорхой нөхцөлд ямар нэг нэр хүндэтний үнэлэмжийн үүднээс ба хууль эрх зүйн шийдвэрлэгдэж байдаг тийм асуудал мөн.

ХХ зууны сүүлийн хэдэн арван жилээс хойш тодорхой зарим улсын дотор үүсэж өрнөөд улмаар бусад улсад бас яригдах болж буй ёс зүйн нээлттэй асуудлууд байдаг.  Үүнд:

1.    Амь егүүтгэлийг хуулиар зөвшөөрдөг болох зөв үү ?

2.    Үр хөндөлтийг хориглодог хуулийг цуцалбал эерэг үр дүн, хор уршиг хоёрын аль нь давамгайлах вэ ?

3.    Ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг хуулиар зөвшөөрөх ёстой юу ?

4.    Ижил хүйстнүүдийн авир үйлдлийн онцлогийг харгалзах үндсэн дээр тэдний эрхэлж болох хөдөлмөрийн төрөлд хязгаар тавих нь хүний эрхийг зөрчиж буй хэрэг мөн үү ?

5.    Олон эхнэртэй нөхөртэй байхыг хуулиар зөвшөөрвөл эерэг юм уу, сөрөг ямар үр дагавар давамгайлах вэ ?

6.    Нас барсан хүний эрхтэнг авч ашиглахыг хуулиар чөлөөтэй болгох зохистой юу ?

7.    Хүчирхийллийн үйл явдлыг телевизээр чөлөөтэй нэвтрүүлдэг байхыг хууль зүйн үүднээс зөвшөөрөх ёстой юу ?

8.    Буу зэвсгийг чөлөөтэй худалдахад яаж хандах ёстой вэ ?

9.    Хурцлын янз бүрийн хэлбэрийг дэлгэн тайлбарлахыг хязгаарлах чухал уу ?

10. Иргэдээ тагнаж, чагнахыг хуулиар хориглох үнэхээр шударга үйл мөн үү ?

11. Зах зээлийн эдийн засгийн амьдралд өөрийгөө шүтэх үзэл эгоизм илрэхэд яаж хандах нь онол, эрх зүйн хувьд зөв бэ ?

Нээлттэй асуудлыг шийдвэрлэх хувилбарын тоо дор хаяж хоёр байж, тэдгээр нь өөр өөрийн үндэслэгээ гаргадаг. Ардчилсан нийгэмд хангагддаг дараахь шинжүүд бол ёс зүйн нээлттэй асуудлууд дэвшигдэн гарч ирэх, баттай орших нийгмийн чухал нөхцлүүд болж өгдөг. Үүнд:

Нэгдүгээрт: Ил тод байдлын хэрэгжилт нь нийгмийн хурц асуудал, түүний дотор нээлттэй асуудлыг дэвшүүлэх нийгмийн чухал бололцоо мөн.

Хоёрдугаарт: Асуудлыг төр, нийгмээс дэвшүүлж, шийдвэрлэхдээ эрх мэдэлтнүүдийн явцуу сонирхол, үзэмжийг биш харин ажил, мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтийг иш үндэс болгох практик улам бүр нэвтэрч буй байдал юм.

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax